ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ОЙД МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН БУСАД ЭД ЗҮЙЛСИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

Шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.16-ны өдрийн №112 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №2, 2024.04.19

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас Р.З-г тус аймгийн … сумын 6 дугаар баг ... газраас бензин моторт хөрөө, татлага уяа зэргийг ашиглан мод бэлтгэх зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, 9 ширхэг ургах чадвартай, 11 ширхэг ургах чадваргүй нийт 20 ширхэг хэрэглээний бөөрөнхий нарс модыг тайрч бэлтгэн, “Портер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 1,258,051.4 /нэг сая хоёр зуун тавин найман мянга тавин нэгэн төгрөг, дөрвөн мөнгө/-ний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс Р.З нь 2024 оны .. дүгээр сарын .. -ны өдөр зохих, зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, мод бэлтгэх арга технологийг зөрчиж ойгоос 9 ширхэг ургах чадвартай босоо мод, 11 ширхэг ургах чадваргүй модыг бэлтгэж, тээвэрлэсэн болох нь тогтоогдсон гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-д зааснаар ургах чадвараа бүрэн алдсан 11 ширхэг нарс модны үнэлгээ 141,629 төгрөг, ургаж байсан 9 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1,116,421 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,349,263 төгрөг, нийт 3,490,892 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.