Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд олох байсан орлогыг тооцож гаргуулав

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.12.08-ны өдрийн № 363 шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 02, 2024.03.11

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Прокуророос иргэн Ббусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хохирогч Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 44,354,041 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй боловч хохирлыг эс зөвшөөрчээ. 

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгосон байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч-н биед эрүүл мэндийг 28 хоногоос доош хугацаанд түр сарниулсан хөнгөн хохирол учирсаны улмаас хохирогч Ч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж улмаар өөрийн эрхэлдэг ажил сургалтуудыг явуулах боломжгүй байсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнээд шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн зардал 3,026,841 төгрөг, замын зардал 247,200 төгрөг, олох байсан орлого 41,000,000 төгрөг нийт 44,274,041 төгрөгийг гаргуулж хохирогч Ч-д олгохоор шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.