Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ял оногдуулав.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.24-ны өдрийн № 231 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №.06, 2024.10.24

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Б”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч “Б нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг .... тоот хашаанд приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор өөрийн хамтран амьдрагч “Б”-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар пивоны шилээр толгойн тус газарт нь цохиж духны дээд хэсгийг хагалж “Б”-н эрүүл мэндэд духанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч “Б”-н нүүрэн тус газарт цохих, хутга тулгаж цамц, ороолт зэргийг нь урж тасдан айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцаж догшин авирласан, мөн 2024 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ “буруу харж унтлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч “Б”-н биен дээрээс бензин асгаж шатаана гэж айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцаж догшин авирласан, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч “Б”-г “ажлаасаа эрт гарч ирсэнгүй, удаан хүлээлгэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан эрүүн тус газарт нь цохиж зодсон үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, мөн хуулийн үйлчлэлд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч “Б”-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч “Б”-д 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 9 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single case/66802?daterange=2022-01-01%20%-202022-10...

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.