Хураангуй бэлтгэсэн:
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2024.02.01, 2024/ЗШ/101 шийтгэвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Процессын тоймын дугаар, огноо: № 04, 2024.03.11
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Эрх бүхий албан тушаалтан Г.Г нь холбогдогч Б.М-г 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, 19 дүгээр талбайгаас Баян-хошуу боомт орох 210 км замд тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бусдын эд хөрөнгөнд хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэж үзээд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 0770761 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг холбогдогч Б.Мөнхбаяр эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргажээ.
Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч, тэмдэглэл үйлдэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх байтал зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч өөрийн биеэр хэргийн газарт очсон атлаа хуулийн дээрх заалтуудыг зөрчиж тухайн цаг хугацаанд мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл үйлдээгүй, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...ажлын 5 хоногийн дотор шалгаж хуульд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан ба эрх бүхий албан тушаалтан нь гомдол мэдээллийг хүлээн аваад хуульд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах байтал 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зам тээврийн ослын газар, тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийж, зам тээврийн ослын актыг үйлдэж тэмдэглэлээр баталгаажуулан 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхаас гадна тус зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хугацаа тоолох, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг алдагдуулж, цаашилбал оролцогчийн зөрчигдсөн эрхээ сэргээх, учирсан хохирлоо арилгуулах боломжийг хязгаарласан байна гэж шүүх дүгнэж шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма