ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХ ГУРВАНЗАГАЛ, ДАШБАЛБАР, ЧУЛУУНХОРООТ, ЧОЙБАЛСАН СУМДАД АЖИЛЛАЛАА
2024-11-11 | 76Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Батзориг, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Уянгатөгс, эвлэрүүлэн зуучлагч Ц.Тамир, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан зэрэг 4 сумдад очиж ажиллалаа.
Сумдад оршин сууж байгаа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлах, нэхэмжлэлийн хувь гардуулах, Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд ирсэн өргөдлийг уригдагч талд гардуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.
Дээрх сумдад “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийг зохион байгуулж, шүүгчийн туслах Ч.Батзориг “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” шүүгчийн туслах Ж.Уянгатөгс “Шүүхэд мэдүүлэх эрх”, эвлэрүүлэн зуучлагч Ц.Тамираа “Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын онцлог, давуу тал”, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвүүдээр тус тус сургалт хийж иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүллээ.
Мөн шүүхийн үйл, ажиллагааг сурталчлан гарын авлага, тараах материал түгээж, иргэдээс шүүхийн үйчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР