Сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэв

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2025.10.27-ны өдрийн № 303 шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 303, 2025.10.29

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй боловч хохирол төлбөрийг төлөөгүй.

Хохирогч Э нь шүүх хуралдаанд шүүгдэгч А-аас эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилснээс гадна сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэгт Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тохиолдолд гаргуулахаар хуульчилсан бөгөөд шүүх хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хор уршгийн зэрэглэл, учруулсан хор уршиг, гэмтлийн байдал, өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхээр журамлажээ.

Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Э-ийн сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирснаас гадна уг гэмтлийн улмаас хохирогч нь сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүх хохирогч Э-ийн биед учирсан зүүн чихний хэнгэргэн хальсны хагарал гэмтлийн улмаас сонсголд нь өөрчлөлт орсон, сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А-аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э-д олгохоор тогтоож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм