Хураангуй бэлтгэсэн:
Тойм бичсэн: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан
Шийдвэрийн дугаар: 2025 оны 02 сарын 17-ны өдөр 201/МА2025/00008
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн хураангуй: №01. 2025.05.02
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Иргэн Г шүүхэд хандан, “хуульд заасан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн буюу ажил олгогч хууль бусаар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулж, бууруулсан цалин хөлсийг нөхөн олгохыг ажил олгогчид даалгах тухай” гомдол гаргасан, хариуцагч Д компани гомдлыг эс зөвшөөрч “...Компанийн удирдлагаас компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах тухай ажлын хэсэгт томилж, өөрт ногдох ажил үүргийг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх байсан боловч уг төлөвлөгөөт ажлыг хангалтгүй биелүүлсэн. Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийж гүйцэтгээгүй тул ажилтны үндсэн цалинг нэг сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ...” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...Надад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар мэдэгдээгүй, энэ талаар хурлаар ч хэлэлцээгүй байж цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон байхаас гадна мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг тусгасан.
Уг журмын дагуу ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчлийг ажилтан гаргасан гэж үзсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоож, шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангасан байхыг шаардана.
Гэвч ажил олгогч нь ажилтны гаргасан гэх “хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй” зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцон баримтжуулж шалгасан, түүнд сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар мэдэгдсэн, зөрчлийн талаар хурлаар хэлэлцүүлж, холбогдох тайлбар өгөх эрхээр хангасан гэх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Г-д сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, 20 хувиар бууруулж олгосон нэг сарын үндсэн цалинг нөхөн олгохыг ажил олгогчид даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Г.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бичсэн: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан