Хүний биед болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй.

Шийдвэрийн дугаар: 2025 оны 05 сарын 08-ны өдөр 201/МА2025/0024                  

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй: №02. 2025.07.25

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Иргэн Болд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн орчимд танил Сараатай утсаар ярьж байх үед Сараагийн гэр бүлийн харилцан хамаарал бүхий Лутаа нь Болдтой утсаар маргалдсан, Сараагийн “...Болдоо чи хүрээд ир, чамайг буруугаар ойлгоод байна. Ирээд тайлбарлаад өг...” гэж дуудсанаар тэдний байгаа газарт очсон, улмаар Болд нь хутга барьж Лутаагийн сууж байсан талын машины хаалгыг нээж түүнтэй маргалдан зууралдаж байхад Сараа нь нөхөр Лутааг хутгалах гэж байна гэж ойлгон Болдыг холдуулах гэж өшиглөх үед түүний барьж байсан хутганд баруун хөлийн шилбэ зүсэгдсэний улмаас Сараагийн биед хөнгөн хохиол учирсан байна.              

Прокуророос яллагдагч Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Болдод холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

 Прокурор давж заалдах шатны шүүхэд “...шүүгдэгчийн хутга бариад далайсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хүний биед хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж үйлдсэн шууд бус санаатай үйлдэл байхад шүүх гэм буруугүйд тооцох зарчмыг буруу хэрэглэсэн ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг гаргасан.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхнан шатны шүүхээс шүүгдэгч Болдод холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, түүнийг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй гэж дүгнэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 Тухайлбал, шүүгдэгч Болдын гар утсаар Лутаатай маргалдсаны улмаас хохирогчийн дуудсанаар тэдний байгаа газарт очихдоо хутга барьж очсон үйлдэл нь хууль бус боловч тэрээр хохирогч Сараагийн эсрэг түүнрүү чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүнд гэм хор учруулах санаа зорилго агуулаагүй, харин Болдыг гэрч Лутаатай маргалдаж зууралдах явцад хохирогч Сараа нь Болдыг холдуулах зорилгоор түүнийг өшиглөх үед түүний барьсан хутганд баруун хөлийн шилбэ зүсэгдсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд Болдын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн тухайн цаг хугацаанд хохирогч Сараагийн баруун хөлийн шилбэнд ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас зүсэгдсэн шарх үүссэн, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч уг гэмтэл нь шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тойм бичсэн: Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Г.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм