-1

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОЛБОГДОГЧИЙГ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭВ.

2023-10-31    |   418

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.10.23 2023/ЗШ/521 шийтгэвэр.

Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тойм: № 11

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Цагдаагийн газраас насанд хүрээгүй зөрчилд холбогдогч Э-г Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “.........” хоолны газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс түрийвчтэй бэлэн мөнгө, пүүз зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 259.500 төгрөгийн хохирол учруулсан зөрчил гаргасан тул арга хэмжээ авхуулахаар шүүхэд ирүүлсэн.

            Хулгайлах зөрчил гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг зөрчилд холбогдогч хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосныг ойлгох бөгөөд уг зөрчлийн улмаас учирсан хохирол нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй буюу 300.000 төгрөгөөс бага байна гэж хуульчилжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол  зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан ба насанд хүрээгүй зөрчилд холбогдогч Э-г шийтгэлээс чөлөөлж, 10 цагийн албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал

. . .