ЗӨВХӨН ХҮСЭЛТ ГАРГАСАН НЬ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2023-02-14 | 7002023.02.13
Шийдвэрийн дугаар: Дорнод, ЭИХДЗШШ 2023.01.25 №201/МА2023/0004
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэр тойм: 2023.02.13
САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд шийдвэрийг орлохгүй, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Б нь хариуцагч С-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,950,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч С шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу шүүх хуралдаан болох өдрийг түүнд мэдэгдэхэд “ар гэрт ажил явдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлж, өөрөө хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар биечлэн оролцох хүсэлтэй бол энэ тухайгаа бичгээр мэдэгдэх бөгөөд шүүхээс тэдэнд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг боломжит хугацааны өмнө мэдэгдэнэ.
Давж заалдах шатны шүүх хариуцагч С-ийн хуульд заасан эрхийг хангаж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч С нь шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө ирүүлсэн хүсэлтдээ ямар үндэслэлээр хуралдаан хойшлуулах гэж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаар холбогдох нотлох баримтаа хавсаргаж ирүүлээгүй, хуралдаанд “биечлэн оролцох” хүсэлтээ бичгээр ирүүлээгүй тул хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэв.
Магадлалыг бүрэн эхээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26154?daterange=2023-01-01%20-%202023-02-12&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг