ХУУЛЬД ЗААГААГҮЙ ЯЛ ТОХИРЧ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ИРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ.
2023-08-21 | 692Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.05.09, 2023/ШЗ/369 шүүгчийн захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: № 06, 2023.08.16
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч А.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлджээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “алдаатай гүйлгээ, андуурагдсан илтгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргээр зүйлчилж шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...ял шийтгэнэ.” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч А.Ү-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа