Өөрийн хөрөнгөө бусдад бэлэглэхдээ ямар нэгэн болзол, тусгай зориулалт зааж бэлэглэсэн бол энэ талаар гэрээндээ тодорхой тусгах шаардлагатай.
2023-01-30 | 910Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.12.02 138/ШШ2022/01085
Тоймын дугаар №01, огноо: 2023.01.27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Бэлэглэгч А нь өөрийн өмчлөлийн газраа төрсөн дүү болох Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. Бэлэг хүлээн авагч Б нь газрыг шилжүүлэн авснаас хойш 2 жилийн дараа газрын тал хэсгийг бусдад худалдсан байна.
А нь Б-г газрыг бусдад шилжүүлэхгүй, зарж үрэхгүйгээр эцэг, эхийнхээ гал голомтыг залгуулан, гэр орноо өөд нь татаж авч явах гэсэн шаардлагыг зөрчсөн, бэлэглэгчийг удаа дараа ноцтой гомдоосон гэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Б нь би А-г гомдоосон ноцтой үйлдэл гаргаж байгаагүй, дарамталж, зүй бусаар харьцсан зүйл огт байхгүй гэх агуулгаар маргасан.
А нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй хэдий ч гэрээндээ болзол, тусгай зориулалт заасан болохоо, мөн Б өөрийг нь гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэдгийг баримтаар нотлох шаардлагатай.
Хэргийн үйл баримтаар А, Б нар нь бэлэглэлийн гэрээндээ “...газрыг цааш нь бусдад шилжүүлэхгүй, зарж үрэхгүйгээр эцэг, эхийнхээ гал голомтыг залгуулан, гэр орноо өөд нь татаж авч явах...” гэсэн болзол, тусгай зориулалт заагаагүй, харин “өөрийн хүсэлтээр” гэж бичиж шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Ийнхүү газрын хууль ёсны өмчлөгч болсон Б нь өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгааг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл байна гэж үзэх боломжгүй, мөн хэргийн үйл баримтаар Б нь А-г гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх А, Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул Б-д холбогдох А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа