ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХ, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
2025-01-14 | 116Дорнод аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газар, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хамтарсан уулзалт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал, шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан, хэлтсийн дарга С.Батбаатар болон Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа П.Мөнхбаяр, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Хүдэрээ, эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Баяржаргал, ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ш.Энхбаяр, цагдаагийн ахлах ахлагч Ч.Мөнгөншагай нар оролцсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, санал солилцсон бөгөөд уулзалтаас гаргасан шийдвэрийг “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-нд тусгахаар боллоо.
Мөн “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарвал зохих асуудлыг ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР