-1

АВТОТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСНЫ УЛМААС БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ

2023-12-28    |   204

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.15-ны өдрийн № 371 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм № 9, 2023.12.28

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

 

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ, согтуугаар мотоцикл жолоодож 7 настай хохирогч С-г мотоциклтой авч явахдаа зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон, ослын дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтсан, хохирогчийг дэрсэнд аваачиж орхисон үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байна. 

 

          Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөн шүүгдэгч Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б-д нийт 7 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single case/66802?daterange=2022-01-01%20%-202022-10...

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа

. . .
Цаг үеийн мэдээ