-1

ХОХИРОГЧИЙГ ЗААВАЛ ОРОЛЦУУЛАХААР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ

2023-11-30    |   302

ХОХИРОГЧИЙГ ЗААВАЛ ОРОЛЦУУЛАХААР

ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.11.29, 2023/ШЗ/824 шүүгчийн захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тоймын дугаар, огноо:08, 2023.11.30

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Прокуророос шүүгдэгч Ахохирогчийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч А-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг товлож хохирогчид товыг мэдэгдсэн боловч хохирогч нь очих боломжгүй гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогчийг заавал оролцуулан хэргийг шийдвэрлэх санал хүсэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд ... хохирогч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд шүүх хуралдаанд оролцогчдын санал хүсэлтийг харгалзан хохирогчийг оролцуулан шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ”шүүх хуралдаанд оролцвол зохих тал хохирогч ирээгүй” гэх үндэслэлээр А-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

 

Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма

. . .