-1

ӨМЧЛӨГЧ ХӨРӨНГӨӨ БУСДЫН ХУУЛЬ БУС ЭЗЭМШЛЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ

2023-10-26    |   635

Шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 201/МА2023/00025

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, шийдвэр-хураангуй: дугаар 01

“Т” СӨХ нь Б-д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... манайх уг подвалийг 1998 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны тухайн үеийн дарга нартай ойлголцоод, жил бүр засвар үйлчилгээ хийгээд ашиглаж байгаа бөгөөд СӨХ бидэндтэй нэг ч удаа гэрээ байгуулах санал тавьж байгаагүй. Одоо уг подваль манай эзэмшилд байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...” гэж маргажээ.

Хариуцагч Б нь “Т” СӨХ-ны харъяа байрны дундын өмч болох хонгилийг тус СӨХ-той гэрээ байгуулалгүйгээр эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч “ ... гэрээ байгуулаагүй гэдгээр зөвхөн манайхыг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. ...”  гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтаар  СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нөгөө тал нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглах тухай хүсэлтээ Холбоонд илэрхийлж, Холбооны дүрэмд зааснаар СӨХ-той бичгээр гэрээ байгуулан, засвар үйлчилгээтэй холбоотой ашиглалтын зардлыг төлснөөр дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх гэрээний дагуу үүснэ.

Б нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хонгилыг эзэмшиж, ашиглах тухай гэрээг “Т” СӨХ-той бичгээр байгуулаагүй, засвар үйлчилгээтэй холбогдсон ашиглалтын зардлыг төлөөгүй болохоо үгүйсгээгүй байна.

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Б-г нэхэмжлэгч “Т” СӨХ-ны орон сууцны дундын өмчлөлийн хонгилийг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэн, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг хонгилыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

    Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн

        давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу

. . .
Цаг үеийн мэдээ