ӨМГӨӨЛӨГЧ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙГААС БУСАД ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ҮҮРЭГТЭЙ.
2023-05-05 | 655Шийдвэрийн дугаар: 2023 оны 4 сарын 27-ны өдөр 201/МА2023/00018
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Процессын хураангуй: №02 2023.05.02
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Д ХХКомпани нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан иргэн Б-гээс малчнаар ажиллаж байхдаа дутагдуулсан малын үнийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Б хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгч С-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаснаар өмгөөлөгч С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх тухай товыг тогтоож, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн.
Гэвч хариуцагч Б болон түүний өмгөөлөгч С нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул анхан шатны шүүх тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч С анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч “...шүүх хариуцагч болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, ... бидэнд шинжээчийн дүгнэлт болон хэргийг сэргээсэн захирамжийг тус тус танилцуулаагүй нь хэргийн материалыг танилцуулаагүй гэж үзэх ба шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
Хэргийн материалд хариуцагч Б, түүний өмгөөлөгч С нар шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг тус тус цахим хаягаар хүлээн авч танилцсан тухай, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар, өмгөөлөгч С нь шүүх хуралдаанд цахимаар оролцох тухайгаа тус тус шүүхэд мэдэгдсэнийг бататлгаажуулсан баримт авагдсан байхаас гадна тэдний зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргаагүй, шүүгчийн захирамжинд гомдол гаргаагүй байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг, мөн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд мэдэгдэж, холбогдох баримтыг хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргана.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэх зөрчил тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан