-1

ХУУЛЬ ЁСООР ЭЗЭМШИГЧ БОЛООГҮЙ БОЛ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХГҮЙ.

2023-05-05    |   633

 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 4 сарын 11-ний өдөр 201/МА2023/00015                  

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн хураангуй: №03. 2023.05.02

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Иргэн Ц шүүхэд хандан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө буюу худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайг иргэн Д-ийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... миний бие энэ үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдаж авахаар өмнөх өмчлөгчтэй харилцан тохиролцсоны дагуу хөрөнгө гарган, засвар үйлчилгээ хийж, худалдаа үйлчилгээний зориулалттай талбай болгон түрээслэгч татан бусдад түрээслүүлэн өдий зэрэгт хүргэж эзэмшиж байгаа тул талбайг суллахыг зөвшөөрөхгүй ...” гэх үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгч Ц нь нийт 914м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон, хариуцагч Д нь өмнөх өмчлөгчтэй хамтран тус объектод засвар үйлчилгээ хийж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбай болгож, зарим талбайд өөрөө үйл ажиллагаа явуулж, зарим талбайг бусдад түрээслүүлэн түрээсийн орлогыг өөртөө авч байжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч Д-гийн эзэмшлээс гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч “... дээрх объектыг хэдийгээр худалдаж авч чадаагүй боловч өмнөх өмчлөгчийн зөвшөөрлөөр өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. ... шинэ өмчлөгчтэй болсон ч талбайг суллаж өгөх боломжгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иргэний хуульд зааснаар өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч Ц-гийн өмчлөлд хөрөнгө шилжсэнээр хариуцагч Д-гийн дээрх талбайг өөрөө болон бусдад түрээслүүлж ашиглах, эзэмших эрх дуусгавар болсон, мөн хариуцагч нь дээрх талбайг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхгүй тул хариуцагчийн эзэмшлээс нэхэмжлэгчийн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.

Бүтэнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/27052?daterange=2023-01-01%20-%202023-05-04&id=2&court_cat=1&bb=1

                                                Тойм бичсэн: Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж 

                       заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан

. . .
Цаг үеийн мэдээ