СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ БОЛ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

            Шийдвэрийн дугаар: 2023 оны 3 сарын 13. 201/МА2023/00010

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй: 2024.01.17

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Цагдаагийн газраас шүүхэд хандан, “ иргэн Н-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах” тухай хүсэлтийг гаргасан, шүүх иргэн Н-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд зааснаар иргэн Н-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, шүүхээс гарсан шийдвэрийн талаар Н-ийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Н шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...миний бие өрөөсөн бөөртэй, эмчилгээг дийлэхгүй, өөрийн ухамсраар архи дарс уух зуршлаа дарж чадна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иргэн Н нь байнга согтуурсан, мансуурсан байдалтай байдаг, энэ нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь тогтоогдсон.

Мөн эрүүл мэндийн байгууллагад өгсөн шинжилгээ, эход харуулсан тэмдэглэл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан баримтаар түүнийг өрөөсөн бөөртэй, түүнд эмчилгээ хийхэд харшлах өвчтэй болох нь тогтоогдоогүй байна.

Иймд гуравдагч этгээд Н-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм