ШҮҮХЭЭС ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ 60 ХОНОГООР ХОЙШЛУУЛЖ, НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ПРОКУРОРТ ДААЛГАВ.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.12.14, 2023/ШЗ/862 шүүгчийн захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тоймын дугаар, огноо: № 1, 2024.01.23

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Прокуророос шүүгдэгч Б-г 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед хохирогч Б-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгч М нь миний үйлчлүүлэгчийн эрх зөрчигдсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан ба шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэн, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол зэргийг шалган тогтоохыг прокурорт даалган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 60 хоногоор     хойшлуулж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм